Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
"ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ" ХХК
Санал өгөх
17
Саналын тоо
Танилцуулга
Утас:
325324, 325608
Website:

 

Монгол улсын хүнсний манлай үйлдвэр

“ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ” ХХК-ИЙН

ТАНИЛЦУУЛГА

 

1936-1957 ОН

“ЧИХЭР БООВНЫ ҮЙЛДВЭР”-ИЙН СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ

Манай оронд ардын хувьсгалаас өмнө гадаадын пүүс хоршоо, хятадын мөнгө хүүлэгчдийн талх нарийн боовны цех, мухлагууд нийслэл хүрээнд ажиллаж байлаа. Харин хувьсгалын дараа гадаадын худалдаачид шахагдан зайлахад тэдний мэдэлд байсан  талх нарийн боовны тасгууд 1934 онд хоршоодын холбооны харъяалалд ажилласнаар бурмын амт чихэр боовны үйлдвэрийн анхны суурь тавигдсан түүх эхэлдэг. 1936 онд хотын дотор байсан талх нарийн боовны цехүүдийг одоогийн Амгаланбаатарт нэгтгэн зохион байгуулж 70 гаруй ажилчидтай, үйлдвэрлэлийн аргаар хоногт дундажаар 3-4 тн талх, нарийн боов, 500-600 кг чихэр, 250-300кг гоймон, 200 кг пүнтүүз хийж байсан нь тэр үеийн техник зохион байгуулалтын нөхцөлд чамлалтгүй амжилт байлаа. 1939 оны эхээр ЗХУ-аас Павел гэдэг мэргэжилтэн уригдан ирж Монгол ажилчдыг дагалдуулан сургаж, европ үндэсний нарийн боов, талх зэрэг 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.

 

1958-1990 ОН

“ЧИХЭР БООВНЫ ҮЙЛДВЭР” БУЮУ ХӨГЖЛИЙН ҮЕ

Хуучин нэрээр ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Улаанбаатар хотод “Чихэр боовны үйлдвэр” шинээр баригдаж, шар нохой жил буюу 1958 оны 3-р сарын 11-ны өдөр байнгын ашиглалтанд орсон. Чихэр боовны шинэ үйлдвэр нь 400 шахам ажиллагсадтай, жилдээ 1900 тн чихэр, олон нэр төрлийн 5000 тн жигнэмэг,  варень 900 тн, 1200 тн гоймон зэрэг 20-оод сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, үндсэн 4 цехтэйгээр, Амгалан дахь нарийн боовны үйлдвэрийг нэгтгэн, орчин үеийн техник хэрэгслээр төхөөрөмжлөгдсөн, томоохон үйлдвэр болон ажилласан. Мөн засвар, механик, цахилгаан, сантехник, мужааны болон оёдлын цех, агуулахууд, нэгдсэн контор зэрэг аж ахуйн туслах нэгжүүд ашиглалтанд орлоо. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний технологийн заавар, жор, орцын нормын хэмжээ улсын стандарт, чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхэд байнгын хяналт, судалгаа явуулах лаборатори ч байгуулагдлаа.

 “Чихэр боовны үйлдвэр”-ийн хамт олон III, IV, V, VI, VII таван жилийн төлөвлөгөөт  жилүүдэд 50 гаруй нэр төрлийн 60 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилдээ 6 сая төгрөгийн ашигтай ажиллаж байлаа.

 

1991-1996 ОН

ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ

1991 оны 10-р сард Улаанбаатар хотын өмч хувьчлалын комиссын тогтоолоор бүрэн хариуцлагатай хувьцаат компани болон өөрчлөгдсөн. 1992 оны 1-р сарын 10-нд хамт олны хурлаар “Чихэр боовны Өгөөж” хувьцаат компани болон зохион байгуулагдаж зах зээлийн зохион байгуулалтанд шилжлээ. Хүн төрөлхтөний хөгжлийн зайлшгүй зам болсон зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа сүүлийн 3 жилд аль ч ажил, албан тушаалын бүх шатанд сахилга хариуцлага суларч, ардчиллын мөн чанарыг буруу ойлгож Монгол оронд эмх замбараагүй байдал бий болсоноос хөдөлмөрчин олны дийлэнхийн ажил амьдрал ахуй ядуурлын байдалд орж байсан юм. Манай компанийн хувьд ч түүхий эд материалын хангамж олдоц муудаж, цахилгаан, дулаан, материал түүхий эд, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн үнэ байнга нэмэгдэж байгаа нь хамт олны амьдрал ахуйд ихээхэн бэрхшээл учруулж байлаа. “Чихэр боовны Өгөөж” хувьцаат компани ажиллагсдынхаа нийгмийн асуудалыг шийдвэрлэх хэтийн чиглэлтэй ажиллаж байсан. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх зорилгоор ХБНГУ, ОХУ-ын зарим пүүс, компанитай гэрээ хэлэлцээртэй ажиллан хамт олны ирээдүйн хувь заяаг өөдрөг сайн, сайхан байлгах зорилт тавьж урам зориг төгөлдөр ажиллаж байлаа.

1997-2003 ОН

МАРКЕТИНГ, МЕНЕЖЕМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН ҮЕ

1997 оны 4-р сарын 12-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, тус хурлаас “Өгөөж-Чихэр боов” ХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Түмэнгэрэлийг томилон ажиллуулаа. Нөхөрлөл компанийн тухай хуулийн 87, 88-р зүйлийн дагуу 2000 оны 2 дугаар сарын 1-нээс Хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. 

Эрхэм зорилгоо тодорхойлов. Манай эрхэм зорилго бол:

Өгөөж компани

   Өндөр чанар

   Өргөн сонголт

Шинэ санаа

Шилдэг технологи

   Боломжийн үнэ

   Боловсон үйлчилгээ

Уламжлалт бүтээгдэхүүнээрээ

Улсдаа тэргүүлнэ.

2000 оны 3-р сарын дунд гэхэд “Өгөөж-Өдөр бүр тантай хамт” уриа тогтоогдож батлагдав. Мөн энэ онд өөрийн компанийн тугтай болсон юм. Харин 2012 оны 3-р сард “Өгөөж-Өдөр бүр үнэхээр амттай” хэмээн уриагаа өөрчилж батлав.

1997 оны сүүлчээс эхлэн нарийн боовыг өнгөт зурагтай нийлэг уутанд 0.3кг, 0.5кг, 1.0кг-аар, төрөл бүрийн үрлийг нийлэг уут, цаасан хайрцганд 100граммаар савладаг болсон явдал бөгөөд улмаар “Үзэмтэй үрэл”, “Хүүхдүүд” жигнэмгийн хайрцгийг өөрчлөн сайжруулж, “Өгөөж” жигнэмэг, төрөл бүрийн зөөлөн чихрийн хайрцгийг шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. Мөн 1998 оны цагаан сараас эхлэн хэвийн боовыг цаасан хайрцганд савладаг болов. 1999 оны эх гэхэд манай нийт бүтээгдэхүүн жижиглэн савлагаатай болсон ба нарийн боовыг нийлэг уутанд, хэвийн боовыг цаасан хайрцганд, улмаар 2002 оноос гялгар уутанд давхар хийж савладаг болсон үйл ажиллагаа нь салбартаа анхдагч болсныг тэмдэглэвэл зохино. Цаашид жижиглэн савлагааны ажлыг улам боловсронгуй болгож, 1999 оноос 0.45кг 0.9кг-аар савласан нь хүнсний олон үйлдвэрт өнөөдөр үлгэр дуурайл болсон.  Мөн 2012 онд бүх бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлын загвар болон уут материалын чанарыг нь эрс сайжруулсан. Энэ ажилд манай ажилтан нарын нөр их хүч хөдөлмөр орж, үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө зарагдаж, Өгөөжийн бүтээгдэхүүн өнөөгийн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэврийг хангахад зохих хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Маркетингийн албаны үндсэн үүргийн нэг бол бүтээгдэхүүний борлуулалтыг байнга нэмэгдүүлэх үйл ажиллагаа билээ. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд борлуулах цэг, салбараа нэмэгдүүлж, өргөжүүлэхийг үндсэн чиглэлийнхээ нэг болгосон юм. 1997 оны дунд үе гэхэд Өгөөж бүтээгдэхүүнээ дөнгөж 12 дэлгүүр, мухлаг, чингэлгээр түгээн худалдаалж байв. 1998 онд анхны явуулын худалдааг Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба анхны найман нэрийн барааны дэлгүүр үйлдвэрийн дэргэд 1999 онд нээгдэв. Хөгжлийн явцад 27 нэрийн барааны дэлгүүртэй болон өргөжсөн. Судалгаандаа тулгуурлан хүргэж өгдөг цэгээ нэмэгдүүлж, энэ үүргийн үлэмж хэсгийг борлуулагч менежерүүд гүйцэтгэх болсон нь хүнсний салбарт бас л анхдагч болж, өнөөдөр бидний туршлагыг бүх компаниуд хаа сайгүй хэрэглэх болжээ.

1999 оноос эхлэн “Боорцогны баярыг” эх үрсийн баярыг угтан зохиодог болсон. Энэ баяраа угтаж хот хөдөөгийн цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн дунд миний мэдэх “Өгөөж” уран зураг, зохион бичлэгийн уралдааныг жил бүр зарлан явуулдаг болсон төдийгүй бяцхан хэрэглэгчдэдээ “Бага балчираасаа үндэсний бүтээгдэхүүнээ эрхэмлэн дээдлэж хэрэглэх” үзэл бодлыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс тэдэнд чиглэсэн олон ажлыг санаачлан зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал тус компаниар аялж ажил мэргэжлийн талаарх анхан шатны мэдэгдэхүүн олж авсан хүүхэд багачуудын тоо хэдий 10000 хол давсан төдийгүй хамгийн анхны “Өгөөж”-өөр аялсан хүүхэд багачууд ч аль хэдийн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг.   

“Боорцогны баяр”-т зориулан 2000 онд Эрдэнэсүхийн ая, Мэргэний үг “Үрлэн мөндөр” дуу зохиогдож, 2001 оны “Боорцогны баяр”-аар 1000 хүүхдийн “Үрлэн мөндөр” цэнгүүн болж байсан удаатай. 2001 онд цэцэрлэг, сургуулийн багачуудын дунд “Үрлэн мөндөр” найрал дууны тэмцээн зохион байгуулахад Л.Галмандахын ая, С.Бодоошийн шүлэг “Боорцог”, Д.Уранчимэгийн ая, Н.Даваадашийн үг “Өгөөжийн бялуу” дуу төрсөн түүхтэй.  Мөн 2000 онд могой жилийн цагаан сарын өмнөхөн Д.Жаргалсайханы ая, Ж.Сумъяагийн үг “Тэнгэрийн тахилгатай идээ минь” дуу зохиогдож, нийтэд түгсэн нь бас л Өгөөжийн бүтээгдэхүүнийг өргөн дээдэлж, олны хүртээл болгоход уран сайхны тус дэм болсон. Өнөөдөр бидний энэ үүсэл санаачилгыг олон байгууллага, компаниуд дэмжин эх үрсийн баярыг угтан хүүхэд, багачууд, эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болсонд бид баяртай байдаг.

Харилцагч дэлгүүрийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн бүрийг барааны кодтой болгох хэрэгцээ бий болсон бөгөөд 2004 онд тус компани МҮХАҮТ-аас санаачилсан Монгол Улсад EAN/UCC системийг нэвтрүүлэх, зураасан код хэрэглэх үйл ажиллагааг дэмжиж оролцсоноор “Монгол Улсын зураасан кодын анхны хэрэглэгч”-ээр шалгаран өргөмжлөгдсөн юм.

Мөн ажилчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, цэвэр агаарт гаргаж амраах замаар ажиллах урам зоригийг сэргээх, дотно уур амьсгалыг бий болгох, эвсэг, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх үүднээс жил бүр “Үйлдвэрийн аварга шалгаруулах” спортын олон төрөлт тэмцээн, “Караоке дууны тэмцээн”, “Бүжгийн тэмцээн”, “Хишиг өдөр”, “Аав, Ээж, Би” тэмцээн зэрэг олон тэмцээн, уралдааныг зохион явуулсаар ирсэн. Мөн компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлийн санаачилгаар жил бүр эх орны үзэсгэлэнт газрууд болон БНХАУ-ын “Бээжин хот, Хөх хот”-д 10 ажилтанг аялуулдаг уламжлалтай. 2014 оноос “Спорт наадам”-ыг зохион байгуулдаг болсон. Спорт наадамд ажилчид 100 хувийн ирцтэй оролцдог бөгөөд оролцогчид өөр өөр цех, албадаараа холилдон 20 хүний бүрэлдэхүүнтэй “Зүсмэл” , “Зочин”, “Өнхрүүш” гэх мэт өгөөжийн бүтээгдэхүүний нэртэй 12 багт хүч тэнцүү хуваагдаж өрсөлддөг, ажилчдын хамгийн дуртай, тэсэн ядан хүлээдэг наадам болж чадсан юм.

2004-2016 ОН

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН ҮЕ

Манай үйлдвэр хэрэглэгчдийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 10 гаруй жил дэлхийн хамгийн  хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт, чанар бүхий эрүүл, найдвартай нарийн боов, жигнэмэг, талх, талхан бүтээгдэхүүн, үрлэн ба зөөлөн чихэр үйлдвэрлэж байна.

Манай үйлдвэр нийт 500 гаруй ажиллагсадтай ба үйлдвэрлэлийн үндсэн дамжлагын ажилчид бүгд мэргэжлийн ажилчид бөгөөд ихэнх нь үйлдвэртээ олон жил тогтвортой ажилласан алтан гартай ажилчид байдаг төдийгүй МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан С.Түмэнгэрэл, аж ахуй хариуцсан захирал Ж.Сумъяа, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-т гүйцэтгэх захирал Н.Энхчимэг, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан СЭЗА-ны дарга С.Өлзийжаргал, сантехникийн инженер Б.Цогтбаатар, технологич Г.Эрдэнэцэцэг, ТЭМ-ын нярав, Л.Наранханд, МА-ны менежер Б.Дэлгэрмаа, Э.Энх-Амгалан, худалдагч Д.Баттунгалаг, Ш.Удвал, Г.Оюунцэцэг, еэвэн, мөөхийн цехийн технологийн ажилтан С.Энхтуяа, Ш.Цэцэндулам, Д.Цогзолмаа, чанах цехийн технологийн ажилтан П.Жамъянмядаг, Л.Баасанжав, Л.Угтаабаяр, Вафли, чихрийн цехийн технологийн ажилтан Ч.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэцэцэг, Ю.Мөнхцэцэг зэрэг алдар суутнууд ажиллаж байна. Мөн бид бүгдийн бахархал болсон ”Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон”-т 1997-2005 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Зундуй, “Алтан гадас одон”-т засварчин Ц.Хишигтогтох, менежер Ш.Ванчин, жолооч Н.Баясгалан, засварчин Ө.Бат-Өлзий, цахилгаанчин Х.Баасанжав, нарийн боовчин Ш.Дулмаа, Ш.Хоролмаа нар гавъяаны амралтандаа суусан хэдий ч залгамж хойч үеийн бидэнд одоо ч зааж зөвлөсөөр байна.

“Өгөөж-Чихэр боов” компани нь МУ-ын хүнсний ууган үйлдвэрийн хувьд технологийн бүх процесс тогтворжин, улсын болон байгууллагын стандартыг мөрдөж ажилладаг ба түүхий эд материал, хагас ба бэлэн бүтээгдэхүүн гэсэн шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналт тавин ажилладаг төдийгүй гаднаас орж ирж буй бүх түүхий эд, материал болон бэлэн бүтээгдэхүүнээ дүүрэг, нийслэл, улсын хяналтын байгууллага, лабораторийн шинжилгээнд улирал бүр хамруулж дүгнэлт гаргуулан ажиллаж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд бүгд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй ба 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээний гурилан бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хангаж байна.

Мөн 60 гаруй хувь нь Монгол Улсын Оюуны өмчийн газраас олгодог шинэ бүтээлийн болон шинэ загварын патенттай.  Бид олон улс, улс, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанууд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт, бусад арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож, олон бүтээгдэхүүнээрээ шагнал өргөмжлөл хүртсээр байна.

“Өгөөж-Чихэр боов” компани 3000 гаруй харилцагчидтай бөгөөд Төв, Дархан-Уул, Хэнтий аймаг, Зүүнхараа сум, Багануур дүүргүүдэд өөрийн унаагаар бүтээгдэхүүнээ хэрэглэгч түмэндээ үнэгүй хүргэж үйлчилж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn