Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Ховд аймаг
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
507
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

ХОВД ХЭМЭЭХ ҮГИЙН УТГА

 

Ховд гэдэг нь: Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ. Зүрхний Ховд, Хутганы Ховд, Нүцгэн Ховд гэж байна.

/Л.Түдэв/

Урт нарийн юм агуулах хайрцаг, сав, Сумны Ховд, мөнгөний Ховд, хүчний Ховд гэсэн үг.

Малын ноосыг мушгиж, хэсэг хэсгээр нь эрчлээд хамтатган нэг урт мушгимал ноос ороож хийсэн бөөн хэсгийг Ховд унгас гэнэ.

/Я.Цэвэлийн толиос/

XVII зууны эцэс, түүнээс хойшхи үеийн сурвалж бичгүүд, тухайлбал Зая бандидын намтар ба Энх-Амгалан хааны бодлогын бичиг, Зүүнгарын бодлогын бичиг, Галдангийн Эрдэнийн эрхи зэрэг монгол, манж сурвалжид “Ховдын газар” гэж шууд товлон нэрлэжээ.

Дээр дурдсанаас харахад “Ховд” хэмээх үг газар усны нэр болж хувирсан нь XVII зууны эцэст ногдох бөгөөд түүнээс хойшхи түүхийн эх сурвалжид ийнхүү нэрлэн дэлгэрүүлэн бичигдэх болжээ.

/Д.Гонгор. “Ховдын хураангуй түүхээс”/

 

ХОВД АЙМГИЙН ТОВЧ ТҮҮХ

1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ.

Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв.

Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.

1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.

БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан (Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ.

Аймгийн нийгэм, эдийн засаг, соёл, үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан нь

Ховд хотод 1923 оны 09 дүгээр сард 4 эсгий гэртэй 2 багштай, 25 сурагчтай анхны бага сургууль, 1923 онд Мал эмнэлгийн хороо, 1924 онд 20 хэрэглэгчтэй коммутаторын 12 цэгтэй холбооны салбар, 1926 онд Барилгын артель, 1926 онд 86 үхэр тэрэг бүхий “Монгол тээх”, 1927 онд Авто засварын газар, 1927 онд “Төв клуб”, “Фото студи”, “Нүүдлийн кино театр”, 1928 онд 15 ортой, их эмч, сувилагч тус бүр 3, тогооч хэлмэрч бүхий 12 ажиллагсадтай хүн эмнэлэг, 1928 онд Худалдаа аж үйлдвэрийн банк, 1930 онд сүүн тасгийн завод, 1932 онд эмийн аптек, 1937 онд гар үйлдвэрийн артель, 1938 онд 1 ажилтан 500 номтой ном уншлагын газар, 1942 онд талх, нарийн боов, архины цех, гахай, ногооны аж ахуйд түшиглэн “Идэш тэжээлийн контор”, 1944 онд мал эмнэлгийн сургууль, 1947 онд Мод боловсруулах үйлдвэр, 1948 оны 10 дугаар сард 20 хүүхэдтэй анхны цэцэрлэг, 1950 онд “Орон нутаг сурталчлах кабинет”, 1954 онд Био үйлдвэр, 1956 оны 07 дугаар сард Ховд аймагт нисэх буудал зэрэг байгууллагууд байгуулагдан, аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, үйлдвэрлэлийн үндэс суурийн эхлэл тавигдсан байна.

1960 оноос хойш аймгийн хэмжээнд сум, бригадуудын төв байгуулах, мал аж ахуй эмчилгээ, тэжээлийн цэгүүд, гүний худаг гаргах, уулын бүсийн сумдад зам, гүүр барих, Авто засварын газар, Ханын материалын үйлдвэрүүд, Бетон цех, Хүнсний үйлдвэр, Дулааны станц, Нийтийн ахуйн үйлчилгээний комбинат, Нефть бааз, Махан зоорь, Орон сууцнууд, сургууль, цэцэрлэг,эмнэлэгийн барилгууд шинээр баригджээ.

1979 онд хөдөөгийн ууган их сургууль Ховд дахь Багшийн дээд сургуулийг баруун таван аймгуудыг багшлах боловсон хүчнээр хангах зорилгоор байгуулсан байна.

1970-1990 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 100 үнээний ферм, 1000 өндөглөгч тахиа, гахайны фермүүд, хадлангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 200 га-аас дээш талбайг услах услалтын системүүдийг Алтай, Мөст, Дарви, Эрдэнэбүрэн, Буянт сумдад байгуулсан нь аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх үндэс болжээ.

Өнөөгийн Ховд аймаг

Өнөөгийн байдлаар Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, хүн ам 78.4 мянга, 20.0 мянган өрхтэй жилдээ 91.6 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 1.2 сая төгрөг буюу 1100 гаруй доллар ноогдож байна.

Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2833.7 га-д тариалалт хийж, 27207.9 тн ургац хурааж авсны дотор үр тариа 398.6 тонн, төмс 14358.8 тонн, хүнсний ногоо 11348.6 тонн тэжээлийн ургамал 1101.9 тонн хураан авч байна.

Аймагт ахуй үйлчилгээний 577, мах, махан бүтээгдэхүүний 6, эсгийний 3, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн 58, цахилгаан, дулааны үйлдвэрлэл 2, барилгын 15, тээвэр, холбооны19, санхүү, зээлийн үйлчилгээ 40, эрүүл мэнд, нийгэм хамгааллын 11 цэг салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 4568.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4529.4 сая төгрөгийн борлуулалт хийгдэж байна.

Ховд-Улаанбаатар, Улаанбаатар-Ховдын чиглэлд нийт 38 тээврийн хэрэгсэл, хотын дотор нийтийн тээврийн 12 автобус, 150 гаруй такси зорчигчдыг тээвэрлэж, хүнд даацын 120 гаруй тээврийн хэрэгсэл улс, аймаг орон нутагт ачаа тээвэрлэж байна. Олон улсын нисэх буудал нь өдөр бүр нислэг үйлдэхийн зэрэгцээ, Ховд-Үрэмчийн хооронд олон улсын нислэг хийдэг болтлоо хөгжлөө.

Ерөнхий боловсролын 23 сургууль, 27 цэцэрлэгт 24.3 мянган хүүхэд, сурагчид суралцаж, 1161 сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Ховд их сургууль, Хөгжил политехник коллежд нийт 300 гаруй багш ажиллаж, 4000 гаруй оюутан суралцаж байна.

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театр, 16 суманд соёлын төвүүд, нийтийн номын сан нь 70 гаруй мянган боть номтой 3-р зэрэглэлтэй болж өргөжжээ.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, Ач заяа хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 13,3 мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдөр Ховд аймагт Дөргөний УЦС, Хүүхэд залуучуудын ордон, Ховд Их сургууль, Политехник коллеж, Биеийн тамир спортын ордон, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Усан спортын төв, Олон улсын нисэх буудал, Ахмадын өргөө, Өв соёлын хүрээлэн,Цементийн үйлдвэр, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Ганданпунцагчойлин хийд, Барилга угсралт, барилгын үйлдвэрлэл гэсэн бүс нутгийн чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn