Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Увс аймаг
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
553
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Газар зүйн байрлал
Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог. 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км.
Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.
Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм.
Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхан, Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг томоохон нуурууд, Тэс, Ховд, Хархираа, Түргэн, Хангилцаг, Туруун Завхан зэрэг том голууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнг цогцлоон бүрдүүлнэ.
Уур амьсгал:
Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалай. Зундаа 40-50 хэм халж, өвөлдөө -40, -50 хэм хүртэл хүйтэрдэг, хүйтний улирлын үргэлжлэх хугацаа урт, цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо олон зэрэг цаг агаарын онцлогтой.
Ургамал, ан амьтан: Увс аймаг нь өндөр уул, ой тайга, өргөн тал, говь олон нуур, гол горхи зэрэг байгаль газарзүйн олон янзын онцлогт тохирсон төрөл бүрийн ургамал, ан амьтан элбэгтэй. 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас, 411 зүйлиин ургамалтай.
Аймгийн нутагт говь-хээрийн бүс зонхилсон өвс ургамал нөмрөгийн хувьд тачирдуухан боловч төрөл зүйл олон, жимс жимсгэний ургамалтай. Хар мод, хус, хуш, нарс, улиас, бургас, улаан харгана, алтан харгана нутгийн ихэнхи хэсгээр тархсан. Зүүнговь, Сагил, Түргэн сумын нутгаар мөнх ногоон гацуур модтой. Увс нуурын эрэг орчим, Тэсийн голын адаг орчмоор улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харгана бүхий алаг өвст, үент, нугын бүлгэмдэл зонхилно. Алтангагнуур, вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа, хунчир зэрэг эмийн ургамалтай. Чацаргана, үхрийн нүд, гүзээлзгэнэ, тошлой, мойл, анис, зэдгэнэ зэрэг жимс жимсгэнэ ургадаг.
Хан Хөхий, Хархираа, Түргэний уулсаар буга, гахай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, хадны суусар, нохой зээх, хээр тал зарим голын хөндий уулархаг нутгаар чоно, үнэг, дорго, тарвага зэрэг зэрлэг ан амьтан амьдардаг. Нууруудад хун, нугас, хотон зэрэг усны шувууд, уул талаар хойлог, тоодог, тас, бүргэд, ёл, Ховд, Бөхмөрөний голд алтан гургалдай зэрэг төрөл бүрийн жигүүртэн шувуудтай. Тэс, Нарийн голын сав нь хүйтэн цуст амьтад амьдардаггүй бүсэд хамаарна. Бөөрөг дэлийн элсний районд хээрийн бүлгэмдэл тархсан. Хонин гүрвэл, говийн гүрвэл, могой гүрвэл, бамбай хоншоорт могой зэрэг мөлхөгчидтэй. Ан агнуурын амьтдаас хярс, мануул, өмхий хүрэн, солонго элбэг бол агнуурын шувуудаас ногтруу, дагуурын ятуу элбэг тархсан.

Унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон ястны өвөрмөц ахуй, зан заншил, түүх соёлын дурсгалт газрууд олон байдаг нь аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой.

Эрдэс баялаг:
Увс аймаг нь байгалийн онгог төрхөө алдаагүй цөөн газруудын нэг. Геологийн судалгаа, эрэл хайгуул төдийлөн сайн хийгдээгүй. Гэхдээ байгалийн ашигт малтмалын илэрцээр алт, мөнгө, цагаан алт, зэс, нүүрс, жонш, ховор металл, төмөр, бал чулуу, гөлтгөнө, хужир, давс зэрэг эрдэс баялагтай.

Засаг захиргаа, хүн ам:
Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны 2 сарын 6-нд Увс аймгийн хилийн заагий гтогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн.
Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 92 багтай, 2014 оны жил эцсийн байдлаар 20.7 мянган өрх, 75.7 мянган суурин хүн амтай. Үүнээс 37.7 нь эмэгтэй байна.
Аймгийн төв 27.8 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог. Аймгийн төвөөс хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан сум нь Зүүнхангай сум 365 км зайтай.
Увс аймаг нь эх оронч, хөдөлмөрч, оюунлаг ард иргэдээрээ бахархдаг. Тус аймгаас Монгол улсын баатар 3, хөдөлмөрийн баатар 26, гавъяат цолтон 110 гаруй, боловсролын доктор 206, шинжлэх ухааны доктор 38, академич 8 төрөн гараад байна.
Увсын алдартнууд: Монгол улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал, баруун бүсийн тулгаралтад эх орныхоо төлөө гарамгай амжилт гаргасан Б.Гиваан, Т.Дүүдэй нарын улсын баатар цолтонгууд, мал аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Санжжав, Г.Шагдарсүрэн, Ө.Санхуврага, М.Төмөржав, Монгол үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Х.Баянмөнх нарын хөдөлмөрийн баатарууд болон аварга О.Балжинням, С.Мөнхбөт, арслан Б.Ганбат, Н.Батсуурь, дэлхийн аваргын алтан медальт Х.Цагаанбаатар хүчит бөхчүүд, Т.Түмэндэмбэрэл, Г.Батбаяр, Жавзмаа, Г.Загиржав, С.Жавхлан авьяаслаг дуучид, Л.Болдбаатар, Э.Тойвгоо зэрэг авьяаслаг дуучид, хөөмийчид, Ж.Батмөнх, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, зэрэг алдартан,гавъяатууд, улс төрийн зүтгэлтнүүд, Монгол эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан олон зуун эрдэмтэд, тамирчид, урлаг, соёлын авъяастнууд төрөн гарсаар байна.

Эдийн засаг:
Аймгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд хөнгөн, хүнс, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжиж байна.
Сүүлийн жилүүдэд аймгийн нийт нутгаар өнтэй өвөл, тэнүүн хавар болж, малчин түмэн буянт мал сүргээ онд мэнд оруулж, 2014 оны жил эцэст нийтдээ 2561.3 мянган мал тоолуулж, малаа 5 төрлөөр нь өсгөлөө.

Аймгийн хэмжээнд 57.9 мянган га-д газар тариалан эрхлэх тохиромжтой бөгөөд тухайн үедээ баруун 3 аймгийн гурилын хэрэгцээ хангаж байсан уламжлалтай. Зөвхөн Баруун туруун суманд гэхэд 40.0 мянга орчим га эргэлтийн талбайтай.
2014 онд 8.3 мянган га-д үр тариа, 153,7 га-д төмс, 192.2 га-д хүнсний ногоо, 1177.4 га-д тэжээлийн ургамал тариалж, 6438,5 тн үр тариа, 2088,3 тн төмс, 2129.7 тн хүнсний ногоо, 2981 тн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Нүүрсний 3, алтны 1, барилгын материалын түүхий эдийн 3, давсны 3 аж ахуйн нэгжүүдээс гадна хүнс, гурилын үйлдвэр, дулааны болон цахилгаан шугам сүлжээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ, худалдаа, хөнгөн үйлдвэрийн газрууд ажилладаг. Сүүлийн жилүүдэд барилга, холбоо болон оёдол, хүнсний үйлдэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Бараг бүх үйлдвэрлэл үйлчилгээг хувийн хэвшил эзлэх боллоо. Аж үйлдэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4.2 тэрбум төгрөг болж, нийт үйлдвэрлэлтийн 58.7%-г боловсруулах салбар, 28.1%-г эрчим хүч түгээлт, усан хангамж, 13.2%-г уул уурхайн олборлолт эзэлж байна.
Барилгын компаниуд ялангуяа орон сууц барих чиглэлд ахицтай ажиллаж, 2014 онд 462 айлын орон сууцны барилгыг барьж эхлүүлснээс 160 айлынхыг ашиглалтанд оруулж, 30 гаруй тэрбум төгрөгийг ажил гүйцэтгэсэн байна.

Дэд бүтэц:
Улаангомоос Хандгайтын чиглэлд 120 км, Улаангом Наранбулаг Үзүүрийн булгийн чиглэлийн 205 км, аймгийн төвд 21 гаруй км хатуу хучилттай замтай.
Аэро Монголиа, Хүннү Эйр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөр хийх болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөх нэгэн таатай орчныг бүрдүүлж байна.
Эрчимх үчний эх үүсвэрийн хувьд бүх сумын төв ББЭХС-д холбогдсон. Дулааны 2-р эх үүсвэр ашиглалтанд орж албан байгууллага айл өрхийг дулаанаар хангаж байна.
Харилцаа холбооны хувьд Мобиком, ЖиМобайл, Юнитель, Скайтель зэрэг үүрэн телефоны хэрэглэгч бүх сумдад бий болж, интернет сүлжээ18 суманд тавигдсан.

Түүх соёл, аялал жуулчлалын нөөц:
Увс аймаг нь байгалийн бүс бүслүүр, эко системийн олон иж бүрдлийг нэг дор агуулсан “Дэлхийн өв”-ийн өлгийнутаг.
Аймгийн нутаг дэвсгэрт эртний түүх соёл, дурсгалт зүйл болох хүн чулуу 104, буган хөшөө 21, хадны сүг зураг 90 гаруй цэгт 40.000 гаруй, бичиг тэмдэгт хөшөө 20, гэрэлт хөшөө нэг, хадны бичээс 10, түүнчлэн олон мянган хиргисүүр, эртний сүм хийдийн үлдэгдэл, туурь бүртгэгдсэн. Чандмань уулын археологийн олдвор нь эртний түүх соёлын нандин өвд тооцогддог.
Орон нутаг судлах музей нийт 5770 үзмэртэйгээс хосгүй үнэт 10 дурсгал бий. Дөрвөд далай хааны эмээлийн мод, сийлбэртэй ган хэт бэл, Даваач хааны гавал, аага, Далай хааны хутга, хүрэлз эвсгийн үеийн чулуун хэв, Амарсанаа баатрын хөө хуяг гэх мэт хосгүй үнэт ховор дурсгалтай. Одоогоос 20-15 сая жилийн өмнө амьдарч байсан хярсны ясны үлдэгдэл, чулуун болон хүрлийн үеийн дурсгалууд, Долоодойн уйгар, руни бичигт хөшөө, дөрвөд, баяд, халх, хотон зэрэг олон ястны амьдралын ялгаатай хэв маяг, зан заншил, уламжлал, хувцаслалт, дуу бүжиг, хурим найр, эдлэл тэргүүтэн, Галданбошигтоос Оросын Цагаан хаанд бичсэн бичиг зэрэг сонирхолтой үзмэрүүдтэй.
Увс нуурын ай сав газар нь 1993 онд дархан цаазат газар, 1997 онд НҮБ-ын олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд, 2003 онд дэлхийн өвийн сүлжээнд, 2004 онд олон улсын ач холбогдол бүхий нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид тус тус нэгдэн орсон.
Унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон ястны өвөрмөц ахуй, зан заншил, түүх соёлын дурсгалт газрууд олон байдагт тулгуурлан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой.
Аймгийн нутагт 1995 оны үеэс эхлэн аялал жуулчлалын компаниуд жуулчны баазууд байгуулан, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар Хэцүү хад, Хар тэрмис, Онцын тасархай, Хархираа, Цүнхэг, Увс нуур зэрэг жуулчны бааз, амралтын газар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт: Увс аймаг 2013, 2014 онд нийт 150,0 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна. Төрийн болон хувийн компаниудын оролцоотойгоор 320 айлын орон сууц ашиглалтанд орсон.

ГУДАМЖ төсөл:
“Гудамж” төслийн хүрээнд нийт 3.2 километр автозамын ажил 10-р сард дуусч, зорчих хэсгийг нээлээ. Гудамж төслийн хүрээнд замын хашлага, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, замын хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ, аюулгүйн тойргийн тохижилт багтана. Түүнчлэн үерийн ус зайлуулах суваг, нүхэн гүүр барьж, шугам сүлжээ дайран өнгөрч байгаа хэсэгт хүчитгэсэн хавтан хийж, шилэн кабель, холбооны утасны сувагчлалыг давхар шийдсэн өгсөн.

Тэсийн гол дээр 127 метр урт төмөр бетонон гүүрийг 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэлээ. Ингэснээр малчид өвөлжөө, хаваржаандаа саадгүй нүүх нөхцөлийг бүрдүүлж байна..

Жишиг хороолол:
Хуучин хур хогийн цэг болсон байсан газрын цэвэрлэн иргэдэд амины зориулалтаар 400 айлын жишиг хороолол барих ажил хийгдэж байна. Ингэхдээ нэг стандартаар хашаа барьж, цэвэр усны худгийг шийдэж өгсөн байна
Оношлогооны төв: Ерөнхий сайдын багцаас санхүүжүүлж Увс аймагт Оношилгооны төвийг 2,3 тэрбум төгрөгөөр байгууллаа. “Оношлогоонытөв” ажиллаж эхэлснээр 3-р шатлалын эмнэлэгт явж үзүүлсэн өвчтний тоо өмнөх оны мөн үеэс 50%-иар буурсан. 2013 оны эхний 10 сарын байдлаар 2908 хүн Улаанбаатар хот руу оношилгоо, эмчилгээнд явдаг байсан бол 2014 оны мөн үед 1533 болон багасчээ.

Аймгийн онцлог: Тус аймаг чулуун нүүрс, ус, давс, чацарганаар монголдоо тэргүүн байранд ордог. Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу нь монголдоо сайн үүлдэр, омогт тооцогддог.
Увс аймаг нь байгалийн бүх бүс бүслүүрийг хамарсан газар нутагтай байгалийн өвөрмөц үзэсгэлэнт газар олонтой, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл сайтай, газрын хэвлийн нөөц нь бараг хөндөгдөөгүй, газар тариалан эрхлэх соёл уламжлалтай, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал бүхий нөхцөлд дасан зохицсон мал сүрэг, ажилсаг хөдөлмөрч иргэдтэй, ажиллах хүчний нөөц сайтай, ОХУ-тай хатуу хучилттай авто замаар шууд хиллэдэг зэрэг давуу талуудтай.

Увс аймаг бол:
- Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг
- Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа “Алтан элс”
- Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг
- “Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх
- Түүх соёлын нандин өв дурсгал
- Бий биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл
- Чацаргана, жамц давс, арвайн гурилаараа алдартай.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn