Цахим санал асуулга

Тангадын Галсан найрагч тахлын аюулын тухай “Аав хөшөө” найраглал туурвижээ

 Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан тахлын аймшигт үйл явдлаас сэдэвлэсэн “Аав хөшөө” хэмээх найраглалаа ирүүлсэн юм. Тэрээр эл найраглалаа 1962 онд бичиж, “COVID-19” хэмээх аймшигт тахал дэлхий нийтийг бүрхээд буй эл 2020 онд сэлбэн засчээ. Найрагч маань таван бүлэг эл өчил найраглалдаа

“Үлэмж сүрт хар сүлд

Үүлний өлмийд намирах нь-хөл хорио

Үй түмнийг хөнөөгч

Үхэл тахлыг цагдах нь-хөл хорио

Үүнээс нааш, цааш хэн боловч

Өлмий гишгэх эрхгүйн тунхаг-хөл хорио

Өдөр ч, шөнө ч, үдшээр ч, үүрээр ч

Өчүүхэн ч сэрэмж үл алдах үнэнч хэвтүүл-хөл хорио” гэж цар тахлын үеийн хөл хорионы тухай нүдэнд харагдаж, сэтгэлд сэрхийтэл дүрслэн өгүүлсэн байна. Найраглалын амилуулал, үзэл санааны нөлөөллөөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг Цогтын Магсарын нэрэмжит болгосон түүхтэй аж. Баянхонгор аймгийн Баянбулаг суманд гарсан тарваган тахлын голомтод ажиллаж байгаад амиа алдсан сувилагч Цогтын Магсарын хөшөө эдүгээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн үүдэнд сүндэрлэж байна. Тахлыг даран сөнөөгчид Монгол Улсын баатар цол нэхэн олгохыг хүсэмжлэн ахин хэвлүүлж буй нь энэ ажээ.

ААВ ХӨШӨӨ

(Дууль-найраглал)

 

                                    Амьдралыг баярлуулж

                                    Үхэл, тахлыг гомдоосон

                                    Авралт баатар

                                    Магсар доовторын дурсгалд

 

Найрагчийн өчил

НЭГ

Хүү нь, аавынхаа зүг

Малгайгаа базлан айсуй.

Хөшөөн зүг хар сүүдэр

Толгойгоо ганзагалсан айсуй.

“Аав аа!” гэж дуудахад:

“Аан!” гээд инээхгүй

Алсаас хүү нь ирэхэд:

Ажнай хөтөлж угтахгүй.

Тийм нэг аавын

Хөшөөг та хар даа!

Тэвэр цэцгийн баглаа

Хөлд нь хагдарчээ, аж даа!

Шулуун цэхээр

Хөхрөх алсыг ширтэн

Чулуун гартаа

Хүүхэд тэврэн зогсчээ.

“Өөрийнхөө амиар чамайг аварна” гэж

Эрийн ёсоор андгай өргөх шиг

Өнчин, хөөрхөн хүвүүнийг

Элэг, зүрхэн дээрээ бат тэвэрчээ.

Хадан хөшөөнд хувилсан

Азгүй аавынхаа өлмийд

Хайртай хүү нь очоод

Асгартал уйлан бөхийлөө.

Хүүхэд багадаа

Нулимсаа дуусчихсан

Хүүгийн нүднээс

Нуур асгарлаа.

Баатар эцгээрээ

Бахдсан, огшсон

Баяр талархлын

Бахархал төгс бүлээн нулимсаа,

(Эцгийн хайр

Эдлэлгүй өссөндөө голоосоо гомдох

Энхрийхэн үрийн

Эчнээ гоморхлын гашуун нулимсаа)

Арчин арчин

Үр нь ярьж эхэллээ...

Аав-хөшөөнийх нь

Өр зүрх янгинан сонслоо.

 

Хүүгийн өчил

-Сайн санаатны

Ассан галын дөлөнд

Сайртай гарынхаа

Алгыг өлчиж өссөн

(Өр нимгэн айлын

Ширмэн тогоотой хоол руу

Өлөн нүдээр өнгийн өнгийн

Шүлсээ залгиж өссөн)

Удмын өртөөнд

Орь ганц хүүгээ

Ухаант аав минь

Оноон таньж байна уу?

Аав аа!

Алтаар солихгүй

Амиар төлөхгүй

Аав аа!

Наадмын асраас

Цолоо дуудуулж зодоглохгүйгээ,

Найрын хоймороос

Цогвор1 өргөж ереөхгүйгээ,

1 Ам хумбагар, амсар сэртгэр, бөөр цүмбэгэр, дотороо хүнхэр, өөдөө өндөр, дүрс хоовгор модон аяга

Өргөө гэрийнхээ

Үүдийг өргөж орохгүйгээ,

Өөдөсхөн хүүгээ

Үүрч, дүүрч давхихгүйгээ

Өөрөө та

Мэдэн мэдсээр атлаа

Үхэл рүү юунд

Нисэх мэт очсон юм бэ!?

 

ХОЁР

Боржин хөшөө

Ханхалзанхан хөдөллөө.

Бодол нэрсэн

Харцаа цавчирлаа.

 

Хүүгийнхээ мөрийг

Сүүдрээрээ иллээ.

Хүнгэнэсэн дуугаар

Сүүрс алдан ингэж ярилаа:

 

Аав хөшөөний өчил

-Ухаант хүүгийн минь гоморхол

Түмэн үнээн!

Уулс хазайхаар нь

Түшсэн минь үнээн...

Тэрхүү тэрс шийдийг би

Өөрөө гаргасан минь үнээн.

Тэнгэр хазайхаар нь би

Өргөж тэгшилсэн минь үнэн!

Айл саахалтынх нь

Цагаан өргөө шатахад

Алгаа өлчин

Цагаа харж зогсдог

Салхины нь дээрх

Умгар бор ором-оо

Шатах вий дээ! гэж

Ус цацаад инээмсэглэн исгэрдэг

Нэг ч хүн

Даяар Монголд минь үгүй дээ.

Нийтэч тэдний нэг нь

Танай аав би дээ...

Цэрэгт байхдаа

Түр сургуульд сууж

Цэмбэн шинелээ

Цагаан нөмрөгөөр сольсон

Удам яривал

Маарамба мяндагтан

Ус нутагтаа бол

Доовтор тушаалтан

Аюулт тахал

Оодорсон үед

Авралын тулаанд

Орохгүй юм бол

Дархан хилийн

Хайчин харуул атлаа

Дайсан довтлоход

Хаалгаа нээсэнтэй адил шүү дээ!

...Нуурын мандал шиг

Ариун эх орон минь

Нугас нь үргэлгүй

Амар амгалан байхад

утаг нугад маань

Аюул нөмөрсөн нь үнээн.

Муухай хар тахал

Айл залгиж эхэлсэн нь үнээн.

Тахал галзуурсан

Тэр л өдөр, тэр л цагаас би

Дарга нарыг

Тэргүүлэх жанжин нь болсон доо

Байлдааны үеийн

Хил хамгаалах хуулиар

Баян булаг нутаг-аа

Хөл хориогоор чөдөрлөсөн дөө

Үлэмж сүрт хар сүлд

Үүлний өлмийд намирах нь-хөл хорио

Үй түмнийг хөнөөгч

Үхэл тахлыг цагдах нь-хөл хорио

Үүнээс нааш, цааш хэн боловч

Өлмий гишгэх эрхгүйн тунхаг-хөл хорио

Өдөр ч, шөнө ч, үдэшээр ч, үүрээр ч

Өчүүхэн ч сэрэмж үл алдах үнэнч хэвтүүл-хөл хорио

“Зүрхэндээ зоригтой

Эрчүүдээр нь боодог хийх үү, ха ха

Зүс сайтай

Эхнэрүүдээр нь хорхог хийх үү, хэ хэ?

Зөөлөн махтай

Хүүхдүүдээр нь ялбаг хийх үү, хө хө?

Зүтгэж ханасан

Хөгшдийнх нь элгийг сорслох уу, хи хи” гэж

Дөвчин, яргачин Эрлэг

Хүнээр хүнс хийж эхэлсэн юм аа

Түгшүүр, жигшүүр, айдас

Хүүшлэн наашлан уулгалсан юм аа

Хар үхлийг

Цагдаж дарахгүй юм бол

Хагацалд Эрлэг

Цадаж ханах байсан юм аа !

Эзгүй гэрт

Шаазгай, хэрээ үүрлэж

Эзэнгүй малд

Боохой зоолох байсан юм аа!

 

Хөх оорт

Манай Монголыг байтугай

Хүн овогтноор

Махан хуурга хийх ёр нүүрлэсэн юм аа

Аз жаргалтай,

Буян төгс өтгөсийнхөө

Амар амгаланг

Бусниалгахгүй гэхдээ л,

Хүү чамтайгаа

Ав адилхан үрсийг

Хөнөөлт үхлээс

Амиараа аваръя гэхдээ л

“Чамайг даа!” гэж

Аав нь шазуураа зуусан, үнээн.

Чандманалж буусан

Айл өөд, шалмаг давхисан, үнээн.

“Мөхнө...горьгүй еэ!” гэж

Аав нь өчүүхэн ч сүрдээгүй ээ.

“Мөнхөрнө...гоё доо!” гэж

Алдар одон горилоогүй ээ...

...Тэрхэн үед, тэр хавьд

Бүх орчлон хав хар.

Тэнгэрийн алтан нар ч

Бүдэг бадаг бор.

Өрх нь бүтээлэгтэй

Хазгай тооно хар.

Өрөм цөцгийн доороо

Гашилсан сүү шар...

Тооноор эргэх

Олон өлөн шувуу бүгд хар...

Тотгоор гуагалах

Огцом дуу нь хахирган хар.

 

Тэнүүн нутгийн минь

Ариухан дэвжээ

Тэр өдөр үнэндээ

Авс болчихсон байсан юм аа.

Чадал хүрдэгсэн бол

Салхийг ч цагдах л гэж

Цадиггүй үхлийн

Цаддаггүй шуналыг цагдах л гэж

Аюулт тахал

Аархсан нутгаас

Айл бүхнийг бид

Албадаж нүүлгэсэн дээ

Арван наймт

Хорин тавтын

Амрагийн болзоог ч

Хойшлуулан тасалсан даа

Галзуу дошгин

Гал түймрийг элбэж унтраадаг

Гарз нүүрлэсэн

Зудын аюулыг элбэж давдаг

Гаднаас уулгалах

Дайны хөнөгөөлийг элбэж дардаг

Гайхамшигт эвтэйдээ

Дархан Монгол эгнэгт хүчтэй дээ

Сумын дарга нар

Хилчин адил харуулд гарсан үед

Сургуулийн багш нар

Хичээлээ хааж ухуулагч болсон цагт

Төв рүү ярих

Утас үгүй ч

Түргэн тусламжийн

Унаа үгүй ч

 

Эмээлийн сайнаа

Хөлөгтөө тохоод

Эм тариатай

Богцоо аваад

Эргэж уулзахыг

 Хүчит Бурханд даатгаад

Ээждээ тэврүүлсэн

Хүү чамайгаа үнсээд

“Чамайг даа!” гэж

Аав нь цус гартал шазуураа зуусан юм аа.

Чандманалж буусан

Аюулын голомтонд үсэрч орсон юм аа.

“Арвис ихтэй саалин цагаар

Үнээ, тугалтайгаа эхлээр...

Архад архад айраган цагаар

Адуу, унагатайгаа эхлээр ....

Буянт мал сүрэгт нь

Араатан найрлах нь харуусмаар ...

Бурханы гэгээн мэлмийд

Батгана шавсан шиг жигшмээр ....

Тийм л болсон хот айлд

Доовтор аав нь очсон юм аа

Тэнэг шунаг тарвагачинд

Догшид хилэгнэснийг оношилсон юм аа

Ачтаны манлай Бурхаддаа

Алгаа хавсран залбираад залбираад

Амьд үлдсэн ганц гавжтан

Асар хүчтэй тарниа уншаад уншаад

Аюул ихт тахалаас

Аварч даан ч чадсангүй

Нирмэж ирсэн үхлээс

Нэг ч хүнийг аварсангүй

 

...Хоёр айлаар Эрлэг хэдийнээ

Хооллож амжсан байв шүү.

Гурав дахь айлын хойморт Эрлэг

Хутгаа билүүдээд сууж байв шүү.

Морин дэл дээр

Дарцаглаж явдаг эрс

Орон дээр

Тарчилж хэвтэх нь өрөвдөлтэй.

Уртын дуу

Шуранхайлж байдаг гэрт

Уйлаан ёолоон

Гиншиглэж байх эмгэнэлтэй

Магсар гэдэг доовтороос

Чивэлт Үхэл айсангүй.

Махассан нүгэлт Үхлээс

Чиний аав ч эмээсэнгүй

Хэн нь хэнийгээ

Дийлэн ялахыг

Хэлчих мэргэн

Дэлхийд байсангүй

Харгис яргачнаараа

Тахал  илүү хар бачтай

Хайр сэтгэлээрээ

Танай аав илүү хүчтэй

Хоёр их хүчтэн

Амьдралыг, нарыг булаалдаж

Хорвоогийн хойморт

Арслан, бар шиг арсалдсан юм даа

Эрлэгт ээрэгдсэн

Тэр айлд,

Элэг бүтэн

Тэнгэрлиг бүлд

Гүн ухаантан гэмээр

Азай буурал нэг байлаа.

Хүн-сарнай гэмээр

Залуу эх нэг байлаа.

Хаваржааны арын уул шиг

Ханхар эр нэг байлаа.

Намар насаа үзээгүй

Нартай хуртай зун  тэднийх байлаа.

Амьсгал хураасан нэгнийгээ

Унтаж байна гэж санах,

Ассан галын дөлийг

Тоглоом гэж атгах,

Зүггүй гэнэн хүү

Гаран орон гүйж байлаа.

Зүрх зүссэн хагацал дунд

Гав ганцаараа инээж суулаа.

-За доовтор минь,

Үнэнийг нуугаад яах вэ!

Заяа хөмөрлөө...

Үхлээс айгаад ч яах вэ!

Унаж байгаа борог шиг

Би үхэж болно оо!

Ургаж байгаа цэцэг шиг

Залуус минь мөхөж болохгүй ээ!

Энэ гурвыг минь

Та аварч хайрлаарай!

Ижил зүсний

Таван аргамаг аваарай! гэж

Настан буурал

Арай ядан шивнэсэн юм.

Нар жаргах шиг

Алгуурхан өөд болсон юм.

Сайхан үхэж

Чаднаа гэдэг

Муухан амьдарсанаас

Жавхаатай юм билээ.

“Өөрөө ирсэн

Зөөлхөн жулч” гэж

Үхэл намайг

Дооглож байлаа.

“Анагаах ухаан

Эмч хоёрыг

Авслаад найрлана даа” гэж

Илт басаж байлаа.

Хөл хорио,

Цагаа олсон  гал, эм гурваар

Хөнөөлт Эрлэгийг би

Цагдаж чөдөрлөсөөр гурав хонолоо.

Хавсарга, хар шуурга үл нэвтрэх

Хатан өргөөний манаас-хөл хорио

Хасуур, цоолтуур, хөрөөнд үл тасрах

Хат сайт ган гагнаас-хөл хорио

Хайчинд ч үл хэгзрэх зодог шуудагны

Шөрөмсөн ширээс-хөл хорио

Хаан Чингэс харьтныг цагдах зарлигийн

Аянган татлаас-хөл хорио

Эхнэрээ мартаж

Дархан харуулд гарсан

Эрчүүдийн ачаар

Тахлын шөрмөс нь тасарчээ.

Харин аавынх нь байгаа

Яргын голомтонд бол:

Хайнцсан барилдаанд хэн

Ялах нь тодорхойгүй байлаа.

Намын батлах

Өвөртөлсөнөө мартаад, аав нь

Ламын дүрд хувилсанаа

Үр чамаасаа нуугаад яах

Хорвоогоос буцагчийн

Хойтохыг нь уншиж

Хонх, дамар

Хоржигнуулсанаа нуугаад яах

...Уугиулсаар... баагиулсаар

Арц утлагаа ч дуусгав

Уулгасаар... тарьсаар

Эм тангаа ч дундлав.

Үнэнийг хэлэхэд

Аав нь ягдлаа

Үхэл харин

Арангалж яллаа.

-Эмч ээ, намайг

Хүн гэж битгий асар!

Эхнэрийг минь...

Хүүгий минь наадхаараа тарь!

Тэртэй тэргүй би

Маргаашийн нарыг үзэхгүй ...

Тэд маань амьдарвал

Нас хугасрахад гомдолгүй!!!

Хүний үр

Уяхан хайраар өлсөх ёсгүй!

Хүж түүхэнд

Удмын гал унтрах ёсгүй! гэж

Үрийн эцэг

Ертөнцийн жам үгүүлсэн юм даа.

Үдшийн бүрийгээр

Ёо ч гэлгүй эцэслэсэн юм даа ...

-Магсар гуай

Би тэсэхээ болилоо...

Нар ч... тэнгэр ч

Хар харагддаг боллоо...

Анагаах ухаан,

Бурхан хоёр минь элбээрэй!

Алаг үрийн минь

Алтан амийг л авраарай!

Эх орон, хүүд минь

Ээж нь болог ээ .

Ард түмэн хүүд минь

Аавыг нь орлог ээ” гэж

Хөөрхөн хүүдээ

Халуун сүүгээ

Хөхүүлж зүрхлэлгүй зугтаах

Эх хэлсэн юм даа...

Буун сум сайндаа

Нэгийг л алдаг

Буусан аянга сагахдаа

Арвыг ч булдаг

Бузар тахал, харин

Бүгдийг хяддаг

Буйлуулж зөнд нь нисгэвэл

Бөмбөрцгийг ч иддэг

Тахлыг тэгэж

Давруулахгүйн учир

Дайсныг тэгж

Тарвалзуулахгүйн учир

Өр өвдөм талийгаачдыг би

Шарилын гэрт зөөсөн дөө...

Өнөр бүл дээр, хөрсөн шарил дээр

Шатахуун цацаж, галаар ариулсан даа...

Тэдэнтэй цуг

Хөөргөн галзуу Эрлэгийн

Тэнэмхий хөл нь

Хөрөөдсөн мөчир шиг хугарч унасан даа

 

Алтан амиа

Алдагсадтай цуг

Аюулт тахал шатсан даа

Ариун гал бузартсан даа...

...Ус ууж явах

Амны хишигтэй

Удам таслахгүй

Ашдын заяатай

Хөөрхөн хүүг би

Хүзүүн дээрээ унуулаад

Хөнөөлийн голомтоос зайдуу

Хөх майханд орогносон доо

Аврагдлаа гэдгээ  хүүхэд

Зөнгөөрөө мэдэж инээсэн дээ

Алдлаа гэдгээ мэдээд Эрлэг

Цөхрөн чарлан уйлсан даа.

Яргачин Эрлэг

Уйлахыг сонсоод би ч инээсэн дээ.

“Яллаа, бид яллаа” гэж

Уулс цуурайлтал дуулсан даа.

Эрлэг, эмчийн урд сөхрөн

Цусаар уйлахыг үзэхээс

Илүү жаргал үгүйг мэдрээд би

“Эр бор харцага”-ыг аялсан даа

Өнчин хөөрхий хүү

Амтат нойрондоо дугжирч байхад

Өөрийнхөө халууныг

Аав нь үзмээр санагдсаныг яана

Мөстэй усанд орсон юм шиг

Бие жихүүцэхэд: халуунаа үзлээ

Мөнгөн ус дээшээ хөөрөөд

Шилээ цоолох шахсан байлаа.

 

Эрлэгийн идэш болсоноо

Эцэг чинь мэдсээн, гэхдээ айгаагүй ээ

Ээж чинь, хүү чи минь

Эцсийн удаа нүдэнд ч харагдсаан, би урваагүй ээ

Аавыгаа зүүдэлж хэвтээ

Энхрийхэн жаалыг би

Алаг нүдэн чамтайгаа

Эгээ л адил хайрласан даа

Ганц эрүүл хүүг

Ашид аврахын учир аа

Гал-ариутгалд биеэ

Аав нь тушаахаар шийдсээн...

...Нарийн эр хар сураар

Хүүгийн хөлийг тушсан даа.

Майхны хусан гадаснаас

Хөвөрч алдрахааргүй аргамжсан даа.

Шарилын гэр рүү

Аав нь нуруу цэх алхсан даа

Шар тостой дэнг татаж

Амьдаараа галд хайлсан даа...

Яг тэр эгшинд

Ээжтэйгээ, миний хүү

Яралзсан дөл дунд

Инээж, уйлж харагдсан даа...

...Өөр бусдад

Инээд, амь нас өгөөд

Өөрөө эрсдэгчийг

Эмч гэдэг юм даа, хүү минь...

 

ГУРАВ

 

Хөшөө-аавын энгэрт тэврүүлсэн

Хүүхэд гэнэт наашаа эргэлээ.

“Үнэний гэрч: Би байна” гэж

Өндөр дуугаар хашгираад ингэж ярилаа.

 

Чулуун хүүхдийн өчил

-Хар Үхэл

Дээрэмддэгээ дээрэмдсээн.

Халхын дэвжээнд

Дэлэхээр...эзэгнэхээр дэвэлзсээн...

Бүр цаашилбал

Харанхуйтай хуйвалдан

Бөмбөрцгийн бүх хүнийг

Хярамцаглана гэж агсарсаан...

Хүн-идшиндээ

Таргалж буйлсан

Хүчтэй үхлийг

Танай аав л цагдсан юм шүү.

Харгис Эрлэгийг

Элгэндээ тас тэврээд

Халуун гал руу

Инээсээр орсон юм шүү...

“Мөхнө” гэж

Аав тань сүрдээгүй!

“Мөнхөрнө” гэж

Алдар зэрэг горилоогүй!

Өлгийтэй чамайгаа

Өнчрүүлж орхисон ийм учиртай!

Ард түмэндээ

Амиа тушаасан эрэлхэг гавьяатай!

Нарыг, амьдралыг надад хайрласан

Төгс ачтай баатар аав

Магсар доовтор гэж алдар

Түүхэнд мөнхөрсөн таны аав

Нэг л хүүхэдийг, үхлээс

Аварсан ч юм уу?

Нийт Монголыг тахлаас

Аварсан ч юм уу?

Бөмбөрцөг дээрх

Бүх улсыг сүйрлээс

Бүрэн аварсан ч юм уу

Бүү мэд дээ... Хэтийн ирээдүй хэлэх буй за...

Өргөн олондоо

Алтан амиа түгээгээд

Өөрөө нойрссон

Ачтныг түүх мартахгүй ээ!

Бүх арддаа

Түгээж тараасан амьдралаас

Бөх амь

Түүхэнд даан ч үгүй ээ!

 

ДӨРӨВ

 

Эрдэм сураад ус нутагтаа ирсэн

Эмч бүхний нөмрөг цасан цагаан!

Өмөн үүг ч хөнөөн ерөндөглөх

Өөдрөг халуун хүсэл нь сүүн цагаан.

Цэцгийн эрих Магсарын хөшөөнд өргөөд

Цэх зогсон тангараг өргөх нь сайхан!

Эмч нарын өчил

-Дайны буруутныг

Дайнаар дарж ирээд

Дампил баатар

Эмч болсон нь учиртай!

Цовоо Эрлэгийг

Амиараа цаазлаад

Цогтын Магсар

Хөшөө болсон нь ийм түүхтэй!

 

Түүх үүхээ мартагсад бол

Түүхий хүмүүс.

Хожим юу болохыг үл мэдэх

Хоёр хөлт адгуус.

Наанадаж

Ус нутгаа аварсан

Цаанадаж

Улс Монголоо аварсан

Эрэлхэг баатар

Магсар гуай та, бидэнд

Эмч байхын

Наран-үлгэр дуурайл

Хорлонтой аюумшигтай тахал

Хожим дэгдэхийг хэн мэдлээ?

Тэр цагт Дэлхий

Тэвдэх эсэхийг яаж мэдлээ?      

Дайсан-Эрлэг, өнөөдөр

Ялааг хүртэл зэвсэглэж байна.

Далинд нь, хөлд нь

Нянгаа нялзаагаад нисгэж байна.

Араатан, тэр атаатан

Та бидний итгэлийг тэрсэлбэл

Авсан дотороосоо

Тахал-Үхэл дахин өндийвэл

Эрлэгийн өөдөөс бид

Эгээ л Тан шиг довтолно.

Эх болсон дэлхийгээ

Энэрэн аварч чадна.        

Үнсээр хийсгэж

Дайсныг үүрд булшилна.

Үеийн үед

Дайн-мангасыг ч бунхална.

Өөрийн үхлээр

Маргаашаа аварсан

Үнэнч баатар

Магсар та мөнх!

Хөх чулуунаас

Цоглог марш эгшиглүүлэм

Хүнлэг сэтгэлд

Цогтын Магсар мөнх!

 

ТАВ

Наранд тэмүүлсэн хөшөөний зүг

Найман зовхисоос хүмүүс дөтөлнө.

Цэцгийн эрих өлмийд нь өргөөд

Цэх зогсож өнийн явдлыг дурсана.

Хүмүүс, хүүтэй нь цуг инээж зогсоно.

Хөшөө бас амьдаа мэдэрч баясан мишээнэ.

 

Хүмүүсийн бодол

-Нийт олныхоо

Төлөө өргөсөн

Нэг амь

Түүхэнд үнэтэй!

Эр хүний үхэл

Ийм байвал таарна.

Эзтэй үед бид ч

Ингэж эцэслэж чадна.

Нарны доор

Амьдрал мөнх!

Магсарын гавьяа

Ашид мөнх хэмээжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 хоногийн өмнө
192.82.72.109
Сайхан найраглал, энэхүү аймшигт өвчин коронагийн төрөл өвчин болох уушгины тахал 1943 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумд гарч, сувилагч Ц.Магсар одоогийнх шиг хамгаалах хувцас хэрэглэлгүй үед ганцаараа тахлын голомтод эмч, сувилагч, асрагчийн үүрэг гүйцэтгэн хөл хорио тавьж ажилласны үр дүнд тахал нийтийг хамрах аюулаас аварч өөрөө алтан амиа алдсан. Энэхүү түүхэн баримтыг Ардын уран зохиолч, хүндэт эрхэм Т.Галсан багш хүмүүний ухаанд тодруулан дүрслэн өгчээ.