Цахим санал асуулга

Г.ХУЛАН: НООЛУУРЫН ХАНШИЙГ ХҮЧЭЭР 100 МЯНГАД БАРИВАЛ ОЛОН КОМПАНИЙГ ДАМПУУРАЛ РУУ ЧИРНЭ

Ноолуурын салбар тойрсон сэдвээр “Сийлэн кашмер” компанийн захирал Г.Хулантай ярилцлаа.

-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ноолуурын салбарт ямар эрсдэл үүсээд байна вэ?

-Коронавирусийн халдвар гарснаас хойш ноолуур хамгийн их худалдан авдаг Европын орнууд, Солонгос, Хятад, Америк зэрэг оронд эдийн засгийн маш их хэмжээний хумигдал үүслээ. Манай үйлдвэрүүдэд ирдэг бүх захиалга цуцлагдаж, тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Олон улсын үзэсгэлэнгүүд бүгд цуцлагдлаа. Ноолуурын салбарын гол захиалга хоёр, гуравдугаар сарын хоолонд хийгдэж зуны улиралд үйлдвэрлэл явуулж байх ёстой. Гэвч энэ хоёр, гуравдугаар сард халдварын тархалт өндөр байж, улс орнууд хөл хорио тогтоосон.

Одоо манай үйлдвэрүүд ямар ч орлогогүй болчихсон, нэлээн олон үйлдвэр хаалгаа барьж байна. Ажилчдаа цалингүй амрааж байгаа.

-Танай үйлдвэрийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид ноолууран бүтээгдэхүүн Америк, Хятад, Солонгос, Итали, Франц зэрэг орон руу гаргадаг. Гэтэл эдгээр орон коронавирусийн тахлын голомт болоод байна.

Манай захиалгын 90 хувь цуцлагдсан. Захиалгуудаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Одоо “Сийлэн камшер” брэндийн нэрээр гаргадаг бүтээгдэхүүнээ бэлтгээд явж байна. Борлуулагдаж эхлэх үе нь есдүгээр cap шүү дээ. Бид экспортод гаргаж Хятад, Америкийн өөрийн нэрийн дэлгүүрээр борлуулдаг. Үүндээ бэлдээд явж байгаа. Есдүгээр cap гэхэд коронавирус намдаасай гэж найдаж байна.

Нөгөө талаар дэлхий даяар бизнесийн салбар доголдсоноор ажилгүйдэл маш их үүслээ. Вирусийн тархалтын дараа ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрэх магадлалтай гэсэн таамаг явж байна лээ.

Ажилгүйдэл нэмэгдсэнээр иргэдийн орлого буурна. Энэ үед хүмүүс хоол хүнс зэрэг ахуйн хэрэглээний зүйлдээ мөнгөө зарцуулж, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнд мөнгө зориулах нь багасна. Тиймээс есдүгээр сард коронавирус гайгүй болж нэрийн дэлгүүрүүдээрээ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа ч борлуулалт ямар байх бол гэж эмээж байна.

-Энэ жил ноолуурын ханш зах зээл дээр хэрхэн тогтож байна вэ. Салбарын сайд ноолуурын ханшийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэсэн. Энэ хэр бодитой дүн бэ?

-Ноолуурын зах зээлийн үнэ ханш 50-60 мянган төгрөгөөр гарах болов уу гэсэн таамаг байсан. Үүнийг МҮХАҮТ гаргаж ирсэн. Салбарын бүртгэлтэй бүх компаниас асуулга авч, захиалгын хэмжээнүүдийг харж байгаад гаргаж ирсэн таамаг үнэ юм. Бодитой үнэ. Ер нь үнэ эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж гарч ирдэг.

Эрэлт хэрэгцээ их байх юм бол үнэ өснө. Бага байвал буурна. Гэтэл Ч.Улаан сайд ноолуураа 100 мянган төгрөгөөс доош буулгаж өгч болохгүй шүү гэж малчдад хэлсэн. Үүнээс болоод малчид ноолуураа дарж байна. Та нар авахгүй бол Засгийн газар авна гэсэн гэж байна.

Гэтэл засагт 8-10 мянган тонн ноолуур худалдаж авах чадамж байхгүй. Үүнийг компаниуд л худалдаж авна. Харамсалтай нь 100 мянган төгрөгөөр авах ёстой гэснээр зах зээлийн бодит ханшийг 67 хувиар нэмэгдүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэж байна.

Засгийн газар энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна гэвэл үйлдвэрлэгчдийг зээл аваад үйл ажиллагаандаа нэмэрлэ, хариуд нь ноолуурыг 100 мянгаар ав гэж байна. Бид яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой юм бэ. Зээлийн хүү 1, 2, 3 хувь байна уу хамаагүй. Бид шаардлагагүй өрийн дарамтад ормооргүй байна.

Манай компани 10 тонн ноолуур авлаа гэхэд зах зээлийн бодит ханшаар 600 сая төгрөг болно. Гэтэл үнийг 100 мянгад бариулбал нэг тэрбумаар авах хэрэгтэй. Хямралын үед 400 сая төгрөгийг хаанаасаа олох юм бэ. Засгийн газар нь гурван хувийн хүүтэй зээл өгье гэж байна.

Тэг хувийн хүүтэй байсан ч тэр мөнгийг нь аваад яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой юм бэ гэсэн асуудал гарч ирж байна.

-Ноолуурын эрэлт дэлхий дахинд эрс буурч, захиалгууд цуцлагдаж байгааг хэлсэн. Тэгвэл та бүхэнд ноолуур худалдан авах ямар шаардлага үүсэж байна вэ?

-Ноолуурын худалдан авалтаа зогсоочихдог. Гэтэл коронавирус намжиж найм, есдүгээр сард захиалагч нар маань захиалгаа өгье гэж болно. Энэ үед зах зээл дээр түүхий эд байхгүй үед аль нэг үйлдвэрээс худалдаж авах шаардлага үүснэ. Ийм хамааралтай байхгүйн тулд өөрөө эрсдэл гаргаж ноолуураа базаана гэсэн үг.

Мөн ийм хэмжээний ноолуур борлогдох болов уу, борлогдохгүй байлаа ч нөөц үүсгэе гэсэн бодолтой худалдаж авна. Харин 100 мянган төгрөгийн ханштай бол би нөөц үүсгэх зорилгоор худалдаж авахгүй.

Ер нь 2018 оноос хойш л ноолуур 100 мянга давсан. 2016 онд 55-60, 2017 онд 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн. 2018 оноос нэмэгдэж, 2019 онд хамгийн дээд цэгтээ хүрч 130 мянган төгрөгт хэлбэлзсэн юм. Гэтэл тахал дэгдчихсэн байхад ханшийг 100 мянгад бариулах гээд байгааг ойлгохгүй байна.

Сүүлийн хоёр жилд л 100 мянгаас дээш гарсан. Нөгөө талаар түүхий эдийн үнэ өндөр гарсан үед худалдан авагчид маань санхүүгийн хувьд хүнд хэцүү байгаа. Өмнөх шиг үнэтэй ноолуур авах чадамж нь буурсан. Бид өндөр үнээр захиалагч нартаа нийлүүлэх гэж оролдвол тэд хүлээж авахгүй.

-Ноолууран бүтээгдэхүүн тансаг зэрэглэлийнх. Хэрэглэгч нь санхүүгийн чадамжтай хүмүүс. Тэгэхээр тахал гарсан ч энэ хүмүүсийн хувьд хэрэглээгээ солиод ноолуур үнэтэй хэмээн авахаа болих магадлал бага биш үү?

-Асар баян хүмүүс авдаг үзэгдэл дээр үед байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд дундаж давхаргынхан өмсөж болно гэдгийг дэлхий нийт харуулсан.

Тансаг зэрэглэлийн үнэтэй, мөн дундаж давхаргынханд зориулж боломжийн үнэтэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд зах зээлд нийлүүлээд явж байна. Тэгэхээр тахлаас үүдэлтэй хямрал ноолуурын салбарыг тойрно гэж ойлгож болохгүй.

-Ноолуур бол малчдын орлогын том эх үүсвэр. Нөгөө талаар малчид хөдөлмөрийнхөө өгөөжийг ноолуураа тушааж хүртэж байна. Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөр, томоохон дүнтэй худалдан авалтыг ноолуураа тушааж санхүүжүүлдэг. Үнэ өндөр байх нь малчдад хэрэгтэй. Энэ талаас нь та бүхэн харсан уу?

-Малчдын хувьд мэдээж 100 мянган төгрөгөөр ноолуураа тушаах нь сайхан боломж. Ингэж чадвал хямралыг мэдрэхгүйгээр өнгөрнө.

Харин бүх хямралыг үйлдвэрлэл эрхлэгч нар үүрээд гарна. Яах вэ, энэ жил 100 мянгад бариулмаар байвал бариул. Харин ноолуур худалдан авч чадахгүй, цалингаа тавьж хүрэхгүй байгаа олон үйлдвэр дампуурлаа зарлана.

Ноолуурын үйлдвэрүүдийн тал нь тахлыг давж чадалгүй хаалгаа барихад хүссэн хүсээгүй ирэх жил, дараагийн 4-5 жилд ноолуур үнэд хүрч чадахгүй.

Яагаад гэвэл Монгол, Хятадын компаниуд үнээр өрсөлдөж байж ноолуурыг үнэд хүргэдэг. Монгол талаас эрэлт хэрэгцээ байхгүй, эсвэл өмнө нь байснаас 50 хувиар ч юм уу буурвал хятадууд заавал үнэ хаялцах шаардлагагүй. Хүлээж байгаад ноолуурыг үнэ буулгаад л авна.

Одоо арьс ширний үнэ 1,000-2,000 төгрөг байна. 2000 он шиг санаж байна. Тухайн үед арьс ширний үнийг хүчээр өсгөсөн. Ингэснээр маш олон арьс ширний үйлдвэр хаалгаа барьсан.

Үр дүнд нь арьс ширэн дээр монгол талаас эрэлт хэрэгцээ асар бага болсноор Хятадын зах зээлд ажилладаг тоглогч нар ирээд 1,000-2,000 төгрөгт худалдан авдаг болсон. Ийм нөхцөл байдал ноолуурын салбарт үүсэх эрсдэлтэй. 100 мянган төгрөгт ноолуурын ханшийг бариулна гэж байгаа нь сонгуулийн шоу. Малчдаас санал авахын тулд үнийг хүчээр нэмэгдүүлж байна. Гэхдээ маш олон компанийг дампууруулах эрсдэл үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Ямар ч улс орны эдийн засаг үйлдвэрлэгчдийн нуруун дээр босдог. Тахал хэзээ нэгэн цагт намжина. Тэр үед үйлдвэрүүд нь байхгүй бол эдийн засаг өндийн босох чадамж буурна. Хэрэв үйлдвэрлэгч нараа хадгалаад аваад үлдэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эдийн засгаа цааш нь аваад явах боломжтой.

-Малчид, үйлдвэрлэгч хоёрын эрэлт нийлүүлэлтийн харьцаанд тулгуурлан тогтож буй үнэ дээр төр битгий оролц гэж байна. Тэгвэл төрийн зохистой оролцоог хэрхэн хангах боломжтой вэ?

-Бусад улс оронтой адил бизнесийн салбараа дэмжиж зээл олгох нь зөв. Зээлийг дэмжиж байгаа. Харин түүхий эдийн үнийг зохиомлоор өсгөж хаяад гурван хувийн хүүтэй зээл олгоно гэвэл зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл компаниудыг хүчээр өрийн дарамтад оруулж байна. Хоосон үнийн хөөрөгдлийг санхүүжүүлэх гэж зээл өгвөл үр ашиггүй.

Үнийг зах зээлийнх нь журмаар байлга, битгий оролц. Харин энэ үед үйл ажиллагааг нь тогтвортой явуулах зорилгоор төрөөс дэмжиж зээл олговол жинхэнэ үр өгөөжтэй тус дэм болно. Энэ тохиолдолд гурван хувийн зээлийг талархан хүлээн авч, эргээд эдийн засагтаа ч эерэг дэм үзүүлнэ.

Ер нь Хятадын үйлдвэрлэгчид нар дэлхийн ноолуурын зах зээлийг хангаад явж байна. Тэд маш их хэмжээний бүтээгдэхүүнийг Америк, Европын холбоо зэрэгт хямд үнээр нийлүүлдэг. Хэрэв Хятадын зах зээлд хямдхан зармааргүй байна гэсэн тайлбартайгаар ноолуурын үнийг 100 мянгад бариулах гэж байгаа бол ийм арга байж болох юм.

Манай Монголоос дунджаар найман мянган тонн түүхий эд гардаг. Үүнээс долоон мянган тонн нь ямар ч татваргүйгээр экспортод гарч байгаа юм. Ченжүүд малчдын гар дээрээс худалдан аваад ямар ч татваргүйгээр шууд гаргаж байна.

Монголд зүгээр угаагаад, хир бохирыг нь үлдээгээд ямар татвар төлөхгүй гаргаж байна. Хайран ноолуур. Яагаад гэхээр ямаа байгаль орчин их сүйдэлдэг. Цөлжилт үүсгэдэг. Бид байгаль орчноо хохироон байж ямаагаа өсгөөд түүхий эдийг нь ямар ч татвар авалгүй гадагш гаргаж байгаа нь харамсалтай.

Тэгэхээр долоон мянган тонн түүхий ноолуур дээрээ ядаж 10 хувийн татвар авчихаач. Тэгэх юм бол манай улсад 47-74 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ.

Энэ татварын орлогоор буцаагаад халамжийн сан үүсгээд малчдаа дэмжээч ээ. Тэгэх юм бол үйлдвэрлэгч нарт дарамт үүсэхгүй. Үнийн хувьд Хятадын үйлдвэрлэгчтэй өрсөлдөх боломж ч бүрдэнэ.

Via: Өдрийн сонин

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.