Цахим санал асуулга

Ц.Гантулга: Монгол хүний хүч чадлыг Дэлхий нийтэд таниулахад та бүхний туслалцаа хэрэгтэй байна

Таны хүүхэд насны дурсамжаас яриагаа эхлье.

  • Би хүүхэд байхын л үеийнхнээсээ их биеэрхүү байсан. Тэгээд 13 настайгаасаа эхлэн хүнд жинтэй зүйл өргөж хар, бор ажил хийж эхэлсэн. Хөдөө бол 500м зайтай худаг руу хоёр 40л битан зэрэг өргөөд л усандаа явдаг байлаа. Хүмүүс ямар нэгэн бэлтгэл сургуулилт хийдэг үү гэж их асуудаг. Миний хувьд хөдөө өссөн, цагаан идээгээ сайн идэж малынхаа махаар хооллож байснаас биш өөр янз бүрийн юм хэрэглэж байгаагүй. Харин биеийн хүчний ажил хийдэг, хөлсөө маш сайн гадагшилуулдаг нь бэлтгэл болдог байх.

Анх 40л битаныг шүдээрээ зууж өргөсөн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэдэн оноос энэ чиглэлийг сонирхож эхэлсэн бэ?

  • Намайг ямар нэгэн хүнд зүйлийг төвөггүйхэн өргөдөг, биеийн хувьд чадалтайг эргэн тойрныхон маань мэддэг байсан. Харин нэг удаа найз маань Олон нийтийн сүлжээнд 40 л битаныг шүдээрээ өргөх challenge.д намайг дуудсан. Тэр үед миний толгойд нэг зүйл орж ирсэн. Ерөнхий боловсролын сургуульд хүний шүд бол зөв зууж чадах л юм бол хэдэн ч килограмм зүйлийг даах чадалтай гэж зааж байсан. Жишээ нь хүн гараагааа тайлж чаддаггүй зүйлээ шидээрээ зулгаагаад тайлчихдаг шүү дээ. Тиймээс би тэр битаныг өргөж чадах л ёстой гэж бодогдсон. Дараа нь өргөсөн үнэхээр би чадсан. Харин тэрний дараа өөрийгөө улам илүү сорьж үзмээр санагдаад микроавтобусыг шүдээрээ мөн адил чирсэн. Түүнээс хойш гурван ширхэг машин, автобус, вагоны нэг тэвш гэх мэт дандаа 10 тонноос дээш жинтэй зүйлүүдэд өөрийгөө сорьж эхэлсэн дээ.

Монголдоо энэ чиглэлээр рекорд тогтоосон цорын ганц хүн бол та шүү дээ. Харин дэлхий дахинд хэр их хүн байдаг юм бол та судлаж үзсэн үү...

  • Энэ оны хоёр сард Геннисийн орон руу хүсэлт явуулсан. Ерөнхийдөө фейсбүүк орчинд 16,000,000 дагагчтай хуудас байдаг. Тэр хуудсанд геннисийн амжилт эвдсэн албан ёсны бичлэгнүүд тавигддаг юм билээ. Тэнд дээд рекорд нь Орос улсын иргэн БНХАУ-д 13,5тонн 45 хүний суудал автобус чирж эвдсэн байсан. Харин миний хувьд тэр хүний рекордыг 4 тонноор давуулан эвдчихсэн. Гэтэл би энэ рекордоо бүртгүүлж чадахгүй байгаад л гол асуудал байна. Геннисийн орон руу явуулсан бичлэгийн хариуд 12 долоо хоногийн дараа хариу өгнө гэсэн гэхдээ нааштай хариу ирэхгүй гэж таалаглаж байна.

Яагаад?

  • Яагаад гэвэл би бичлэгээ чанарын шаардлага хангахуйц хийж чадаагүй. Ихэвчлэн гар утсаараа live хийж цацдаг учраас тэр л дээ. Нөгөөтэйгүүр улс нь иргэнээ тодорхойлж геннисийн орон руу хүсэлт явуулвал илүү үр дүнтэй гэж бодож байна. Иргэн Гантулга гэсэн албан бичиг байснаас Монгол улс гэсэн албан бичиг илүү үнэ хүндтэй санагдана бас баталгаатай харагдана. Тиймээс одоо миний ганц айж байгаа зүйл нь зүүн араа байхгүй зөвхөн баруун араагаараа зууж татдаг. Гэнэт л баруун араа минь унаад өгвөл би улсаа төлөөлж дэлхийд тамгалуулах чадвараа алдаж мэднэ. Мөн дээрээс нь бид одоо дэлхийд тархаад буй цар тахлын үед дархлаагаараа бас иргэдээ хамгаалах бодлогоороо гайхшруулж чадаж буй энэ үед олон улсын тамирчид шиг 160-170 см өндөртэй төдий хэрийн биетэй бэлтгэл сургуулилт хийж витамин хэрэглэж хүнд жинтэй зүйлийг чирдэг биш 75кг жинтэй зөвхөн малынхаа мах, цагаан идээгээ идэж хөдөө өссөн залуу дэлхийн рекордыг эвдлээ гэвэл иргэн Гантулга биш Монгол улс дэлхий нийтийн гайхширлыг төрүүлж дэлхий нийт Монгол хүний амьдралын хэв маяг нүүдэлчин ардын хоол хүнс, биеийн дархлаа зэрэгт анхаарлаа хандуулж судлаж эхлэнэ. Цаашлаад аялал жуулчлал, экспорт нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Үнэхээр бодох л ёстой зүйл байна. Та энэ талаараа холбогдох албан тушаалтантай уулзсан уу. Ер нь энэ чиглэлийг хэн хариуцдаг юм бэ?

  • Миний хувьд сүүлийн 3 жил энэ талаар хөөцөлдөж байна. Эргээд холбогдоно, дэмжинэ гэдэг ч үр дүн байдаггүй. Дээрээс нь би Өвөр Монголын өөртөө засах оронд ноосны үйлдвэрт ажилладаг болохоор тэр болгон хөөцөлдөөд байж чадахгүй юм. Одоо урд хөршид тахал гарсан учраас Эх орондоо ирээд байгаа минь энэ. Би энэ цаг хугацааг ашиглаад холбогдох материал, бичлэг баг хамт олноо бүрдүүлээд зорилгоо биелүүлчихмээр байна. Угаасаа хөдөөний эгэл ардын хүү. Тиймээс наад захын бичлэгийг минь өндөр түвшинд хийж өгөх баг хэрэгтэй байна. Туйлын зорилго минь хувийн карьер, нэр хүнд биш Монгол хүн дэлхийн рекордыг тэр тусмаа биеийн хүчний хамгийн дээд рекордыг эзэмших нэр хүнд бахархалыг тунхаглах юм шүү гэж хэлмээр байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.