Цахим санал асуулга

О.Энхбилэг: Би Монголд дотуур хувцасны соёлыг түгээнэ

Дотуур хувцас бол бүсгүйчүүд бидний хамгийн дотны найз гэж хэлж болно. Та брендээ байгуулах санаагаа хэзээ гаргаад яг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

  • Миний хувьд ээж болоод хөөрхөн охиноо гаргачихаад гэртээ байх хугацаандаа буюу 2016 онд санаагаа гаргасан. Тэр үед торон дотуур хувцас мода болж охид бүсгүйчүүд ихээхэн сонирхож байсан би ч гэсэн гоёмсог дотуур хувцастай болохыг хүссэн. Нялх биетэй болохоор тэр бүр гадуур яваад байж чадахгүй учраас  материал аваад өөртөө хийхээр шийдсэн. Тэр цагаас ойр дотны ээж, эгч нартаа оёж өгөөд тэр маань цаашлаад олон хүнд хүргэх хүсэл эрмэлзлийг төрүүлж эхэлсэн. Анх гэртээ ганцхан оёдлын машин дээр ганцаараа оёж эхлэж байсан бол одоо үйлдвэртэй 10 гаруй ажилтантай  болж өргөжин нэрийн дэлгүүрээр болон захиалгаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Би тэр үед юу гэж бодсон бэ гэхээр бүсгүйчүүд бид дотуур хувцасыг яг яах гэж өмсдөгөө гүйцэт ойлгодоггүй юм байна. Яагаад “Victoria Secret” дэлхийд алдартай болсон бэ гэвэл энэ дотуур хувцас гэдэг чинь биед эвтэйхэн гоё ганган байлгахаас гадна эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг улам бүр нэмэгдүүлж өгдөг зүйл юм байна. Тиймээс би өөрт төрсөн энэ мэдрэмжээ бусад бүсгүйчүүддээ ч мөн адил мэдрүүлэхийг хүсэж энэ бүхнийг эхлүүлсэн.

Таны энэ хүсэл одоо биеллээ олоод аль хэдийнээ бүсгүйчүүдийн  хэрэглээ болсон байна. Энэ бүхнийг эргээд харах танд ямар санагдаж байна вэ?

  • Мэдээж эхлэл бүхэн сайхан байдаггүй. Би анх 10,000 төгрөгөөр л эхний бүтээгдэхүүнээ хийж байсан. Тэр маань хоёр болж үргэлжлээд дөрөв болох зарчимаар энэ хүрсэн. Ер нь бизнес хийхээр төлөвлөж байгаа хэн бүхэн маш их хэмжээний хөрөнгө бодож том зүйл рүү шууд үсрэх гэж оролдох хэрэггүй юм шиг санагдсан. Эхлүүлж байгаа зүйлдээ чин сэтгэлээ шингээж, чанар болон хүртээмжийг чухалчилж чадвал аяндаа өөрөө өргөжиж олонд танигдаж эхэлдэг юм байна гэдгийг л сайн ойлгосон доо. Би энэ бүхнийг Мөрөөдөж байсан. Гэхдээ энэ миний илүү их мөрөөдлийн багахан хэсэг гэж хэлмээр байна. Би бүх зүйлийг шат дараалалтай хийж байгаа. Гол нь энэ миний хийхийг хүссэн зүйл учраас би шантарч үзээгүй хойш сууж, залхуурч үзээгүй. Яагаад гэхээр эхлүүлсэн зүйлийнхээ төгсгөлийг нь үзээд хийсэн бүтээгдэхүүнээ хараад сэтгэл тэнэгэр болж, бүүр илүү их цаг зарцуулж олныг хийх хүсэл төрдөг нь надад юутай ч харьцуулашгүй сайхан мэдрэмж өгдөг. Хэдий өөр мэргэжилтэй ч гэсэн энэ л миний хийх ёстой зүйл гэж боддог. Одоогоор Монголд дотуур хувцасны эсгүүр зааж сургаж, мэргэшүүлдэг сургууль, сургалт байдаггүй юм билээ. Би өөрөө бичлэг үзээд, олон янзаар оролдож үзэж байж хийж сурсан даа.

Амжилттай яваа хэн нэгний ард тулж түших гэр бүл чухал үүрэгтэй байдаг. Танай гэр бүлийнхэн таныг хэр дэмждэг вэ?

  • Тэгэлгүй яахав... Миний хань номер нэг дэмжигч дараа нь хоёр талын аав ээж нар маань байна. Миний хийж буй зүйлийн эхлэл тавигдаж байна, цаашид илүү сайн болгох шатандаа яваа тиймээс олон цагаар ажиллах тохиолдол их байдаг. Одоо би ажил олгогч болсон болохоор ажилчиддаа заавалчилгаа өгөх, чадахгүй зүйлийг нь зааж сургах гэх мэт олон ажил амжуулж байна. Энэ бүхний ард гэр бүл маань арыг минь найдвартай дааж орой гэртээ ороход халуун хоолтой угтдаг үе зөндөө шүү/инээв/. Хааяа би эхнэр хүний үүргээ орхигдуулаад байгаа ч юм шиг санагддаг. Харин тэр үед ээж аавууд охиныг минь хараад өгч байна. Нөхөр хоол цай хийж өгч халамжилж байгаа тийм сайхан дэмжиж байхад нь би алдах эрхгүй харин ч бүүр сайн хийх хэрэгтэй гэсэн итгэл төрж хийж байгаа зүйлдээ улам бүр дурлаж байна.

Таны бодлоор дотоод гоо үзэсгэлэн гэж юу вэ?

  • Би нэг зүйлийг хэлмээр санагддаг. Сүүлийн үед өөртөө гэхээсээ илүү хаа хамаагүй гадуур зөрж өнгөрөх хэн нэгэнд таалагдах гэж их гоёдог болсон байна. Хэн намайг юу гэж бодох бол гэсэн бодолдоо идүүлж үс гэзэг нүүр будалтандаа түлхүү анхаараад байх шиг. Бид гэртээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа хэрнээ навсайсан муухай хувцастай байх ёстой юм шиг боддог. Гэтэл гэртээ цэмбэгэр сайхан байж чадвал хүн өөртөө дурлаж эхэлдэг. Өөртөө дурласан тэр мэдрэмж нь өөртөө итгэх итгэлийг төрүүлнэ. Тиймээс гадаа гараад өөр нэгэнтэй харьцахад цаад хүндээ итгэл төрүүлэхүйц байж чадна гэсэн үг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бусдад биш зөвхөн өөртөө таалагдахын тулд өөртөө анхаарал тавих хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тиймдээ ч би энэ брэндээр дамжуулж Монголдоо төдийгүй Дэлхийд дотуур хувцасны соёлыг түгээнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.